11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЛАА

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь М-Си-Эс групптэй MCS Group хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төсөл, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн AR дижитал үзмэр бүтээх төсөл, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг 14 төслийг тус тус амжилттай хэрэгжүүлж, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, сэргээн засварлалтын гадаад дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж ирлээ.

Энэ онд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Мөн орчны тохижилтын гэрэлтүүлэг хийсний зэрэгцээ түүх, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү тохижилтын төслийг амжилттай гүйцэтгэж дууссанаар Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөр нь М-Си-Эс Группийн санхүүжилтээр 5 жилийн хугацаанд нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай хэрэгжүүллээ.

Сэцэн Ханы Ордон нь Халхын Сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм. Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Сэцэн Ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох 5 сүм үлджээ.

Уг ордныг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор уран барилгын хосгүй ховор дурсгал хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна. Энэхүү төсөлд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий хөгжил сан, Хэнтий аймгийн музей хамтран ажиллаж, орон нутгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь тохижилтын ажлыг гүйцэтгэлд ихээхэн хувь нэмэр боллоо. Төслийн явган хүний зам талбайн ажлыг “Сүлдэт Эмпайр” ХХК, цахилгаан, гэрэлтүүлгийн ажлыг “Клийн Ресурс Девелопмент” ХХК, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг “Анифло” ХХК тус тус хийж гүйцэтгэлээ. Төслийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 7-р сарын 27-ны 15 цагт Хэнтий аймгийн Чингис хотын Сэцэн Ханы Ордны гадна талбайд болно.