Д.БАЛДАН: БИ ЧИНЬ НОМТОЙ ХҮНИЙ ҮР УДАМ ШҮҮ ДЭЭ, ЗӨВ ЯВАХ УЧИРТАЙ
- byГ. Ганчимэг
- 151
- 2024-02-09
- 20 минут
- 20
Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэдэг. Өнөөдрийн ярилцлагын зочин, дуучин Д.Балдантай “Сэтгэл минь” дуугаар нь сонсогчийн хувиар эчнээ танил байлаа. Харин түүнтэй анх нүүр тулан уулзахад дуулсан дуунуудынх нь өнгө аяс, хэв маяг яг өөрийнх нь зан чанарыг илтгэх мэт дөлгөөн сайхан залуу санагдсан юм.
Дууны уран бүтээлчийн хувьд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан Соёлын тэргүүний ажилтан тэрбээр ажил хэргийн хувьд ч амжилттай яваа бизнесмэн, улстөрчийн хувьд ч улс эх орныхоо ачааг үүрэлцэх залуусын эгнээнд мөр зэрэгцэн явна. Тэрбээр өдгөө Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа юм
Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах зан чанар нь түүнийг олны дунд явж, бусдын төлөө хийж бүтээхэд хөтөлдөг байх гэмээр. Дуулсан дуу, хийсэн үйлсээр нь Хан Хэнтийн түмэн олон хайрлаж хүндэлдэг юм билээ. Саяхан гэхэд, Хэнтий аймгийн нийт нутгаар цас их орж, өвөлжилт хүндэрч байхад аймгийнхаа малчдад дэм болох зорилгоор малын эм, тариа бэлэглэснийг нь сонсоод түүнээс ярилцлага авах санал тавьсан билээ.
-Сайхан өвөлжиж байна уу. Удахгүй монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Баярын талаар яриагаа эхэлбэл сайхан юм уу. Та ер нь хэр их хүлээж, хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Сайхан өвөлжиж байна. Цагаан сар бол монголчуудын төрт ёсны уламжлалт баяр шүү дээ. Манай гэр бүл өргөн дэлгэр тэмдэглэдэг. Монгол ёс заншлаа хадгалан өвлүүлэх, ураг садан, ахмад буурлуудаа хүндлэн золгох энэ баярыг Монгол үндэстний соёлын том дархлаа гэж боддог. Хүүхэд байхад бол цагаан сараар айл их хэсдэг байлаа даа (инээв).
Миний хувьд шинийн нэгний өглөө ургах нарнаас урьтаж босно, дээл хувцсаа бүтэн сайхан өмсөнө, аав, ээж, ахмадууддаа золгоно. Дараа нь Өндөрхаан хайрхандаа очиж, ирж буй жилийнхээ ажил үйлсийг даатгана гээд уламжлалт зан үйл хийдэг. Тэр дундаа хаврын тэргүүн сарын шинийн найман бол хамгийн чухал өдөр. Манай өвөө Сэцэн хан аймгаас төрөн гарсан анхны гурван гавжийн нэг. Гавж гэдэг нь бурхны шашны дээд цол хэргэм шүү дээ. Намайг төрөхөөс ч өмнө шинийн наймны хурлыг манайх үе удам дамжин ах дүү нараараа нийлж, Гүндгарвалин хийдэд хурал дааж ирсэн уламжлалтай. Хэнтий аймгийн төвд мөн Шадивдаржаалин хийд гэж бий. Хүмүүс хойд хийд, урд хийд гэж ярьдаг юм. Хойд хийд гэдэг нь Шадивдаржаалин. Энэ хийдийг манай нутгийнхан Ардчилсан намын хийд гэдэг юм. Хийдийн одоогийн байрыг нь 2000 оны үед Цагаан шонхорын Ч.Энхтайван ах бэлэглэсэн болохоор тэгж ярьдаг байх л даа (инээв). Манай авга ах Д.Чулуунбаатар энэ хийдийн хамба лам болохоор сүүлийн жилүүдэд шинийн наймны хурлаа Шадивдаржаалин хийдэд хуруулж байна.
-Таны өвөө гавж цолтой хүн байсан гэхээр та өөрөө бурхны шашинтай хүн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, өвөө маань гавж Цэдэнгийн Дамбадаржаа гэдэг хүн байсан. Гарал үүсэл яривал хуучнаар Идэрмэг сумын хүн. Их багаасаа номд шавилж лам болсон гэдэг. Ардчилал гарахаас өмнө шашин хаалттай үед ч нууцаар номоо хурж, бурхан номын ажлаа хийсээр байсан гэж ярьдаг. Өвөөгөөс уламжлан ирсэн тахил шүтээн, ном судруудыг одоо бидний үе сайхан авч явах ёстой. Аавын талаас гадна манай ээж талынхан ч бас номтой хүмүүс байсан. Дээхнэ үед хийдүүдэд тэрэг, тэргээр нь ном судар хандивлаж явсан түүхтэй.
Тэр байтугай манай хоёр эмээ намайг сургуульд орохоос өмнө Энэтхэг рүү шашны сургуульд явуулж лам болгоно гээд. Одоогийн Д.Нямсамбуу гавж, С.Бямбадолжин лам нартай хамт явуулах гэж байсан юм. Д.Нямсамбуугийн өвөө Ядамжав гуай миний нэрийг өгсөн юм. С.Бямбадолжин ламын өвөө нь манай өвөөгийн шавь байсан гээд тухайн үедээ их ойр байсан хүмүүс л дээ. Одоо би энэ хоёрыгоо Монголдоо бурхны шашныг шинжлэх ухаанчаар зөв таниулах үйлсэд энэ цаг үед манлайлж яваа хүмүүс гэж сайхан хүндэлж явдаг.
-Хэдий лам болоогүй ч дуучин болсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу. Багаасаа л дуулдаг хүүхэд байв уу?
“Мөрөнгийн гол минь
Мөрөнгийн ус минь
Миний нутгийн бяцхан голоор
Хүний орчлон дутна шүү дээ” гэж миний авга ах Д.Эрдэнэхуяг бичсэн юм. Энэ дуунд гардаг Мөрөнгийн голынхоо хөвөөнд тоглож өслөө. Цэцэрлэг, сургуульд орохоосоо л дуу хуурт дуртай хүүхэд байсан. Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин Х.Нямдаваа ах маань миний багад “Энэ хүүхэд дуучин болно шүү” гэж аав, ээжид маань байнга хэлдэг. Аав, ээж хоёр минь ч намайг багаас минь их дэмжсэн. Анх нэгдүгээр ангидаа хүүхдийн урлагийн “Яргуй” наадам оролцож, тусгай байр эзлээд, түүнээс хойш аймаг, улсын чанартай олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, тэргүүлж байлаа. Тэгээд Соёл урлагийн их сургуульд урилгаар элсэн орж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багшийнхаа удирдлага дор дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн.
-“Сэтгэл минь”, “Хорвоод ганцхан ээждээ” гээд сайхан дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн тоглолт хийж байсан санагдаж байна. Уран бүтээлийн талаар яривал?
-Оюутан ахуй цагаасаа хувийн уран бүтээлээ эхлүүлж, анхны бие даасан тоглолтоо 2012 онд Бөхийн өргөөнд хийж байлаа. Түүнээс хоёр жилийн дараа “Уянгын дууны хаан” гэх агуу тодотголт, МУГЖ Намдагийн Төмөрхуяг ахтайгаа хамтран “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо хийсэн. Төмөрөө ахын “Саа мөнгөн Хэрлэн” дууг мэдэхгүй монгол хүн гэж бараг байхгүй байх. Ах минь “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар” гээд Монголын урлагийн 1990-ээд оны хит дуунуудыг дуулсан амьд домог байлаа шүү дээ. Тэр тоглолтоор Төмөрөө ахынхаа сайхан дуунуудыг дахин амьдруулж, үнэнч сонсогчдод нь бэлэг барьсан гэж боддог. Хэдийгээр хамтарсан тоглолт байсан ч гэсэн Төмөрөө ахын хувьд ч, сонсогчдынх нь хувьд ч тэр 20 гаруй жилийн хүлээлтийг биелүүлсэн тоглолт байсан юм. Багаасаа сонсож, үлгэрлэн дууриаж өссөн хүний хувьд ахыгаа байртай болгох хүсэл зорилготой байлаа. Залуу уран бүтээлчийн санаанд тухайн үедээ мөрөөдөл юм шиг санагдаж байсан ч хэлсэн амандаа хүрэх гэж ээжээрээ 10 сая төгрөгийн зээл хүртэл авахуулаад төлбөрт нь шилжүүлж байв. Одоо бодоход сэтгэлд өег сайхан байдаг даа. Тухайн үед одоогийн хотын дарга Х.Нямбаатар, дүү Х.Нямбаяр нарын дэмжлэгээр тэдний барьсан хотхонд ахыгаа сайхан өргөө гэртэй болгосон. Залуу хүний хүсэл зоригийг дэмжсэнд нь баярлаж явдаг даа.
-Бусдад тустай явах ч сайхан л даа. Саяхан бас Хэнтий аймгийн малчдад хандивын аян явуулж байгаа харагдсан?
-Яг хандивын аян ч биш л дээ (инээв). Энэ жил нийт нутгаар цас их орлоо. Өвөлжилт хүндэрсэн үед гэр бүлийнхээ зүгээс малчдадаа хэрэгцээт малын эм тариаг бэлэглэсэн юм. Манай аав Д.Дэмбэрэлваанчиг гэж малын эмч мэргэжилтэй, 30 гаруй жил Хэнтий аймагтаа мэргэжлээрээ ажилласан, хөдөлмөрч хүн бий. Аав ээж минь биднийг багаас л “Хүнд тустай дэмтэй яваарай”, “Олонтойгоо яваарай, байгаагаа хуваалцаж яваарай” гэж зааж сургаж, өсгөсөн болохоор бусдад сэтгэлээ зориулахыг эрхэмлэж явдаг. Малын эмчийн гэр бүлд төрж өссөн болохоор ааваасаа улбаалаад одоо манай гэр бүл малын эм ханган нийлүүлэх чиглэлийн бизнес эрхэлдэг юм. Хийж буй ажил бизнесийнхээ хүрээнд жил бүр олон нийтийн тодорхой ажлуудад хандив өгөхийг зорьдог. Энэ жил аймгийнхаа 18 сумын 2600 гаруй малчин өрхөд компанийнхаа нэрийн бүтээгдэхүүнүүдийг бэлэглэхээс гадна Хэнтий аймгийн 2004 оны төгсөгчдийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Ид шидийн орон” төсөл, Мөрөн сумын 100 жил, Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ой гээд нэлээдгүй ажилд гэр бүлийн зүгээс оролцжээ. Хүн баяндаа бусдад өгдөг юм биш л дээ. Өгье гэвэл ганцаасаа гэж үг байдаг шүү.
-Урлагийн амьдралаас улс төр, олон нийтийн ажилд идэвхийлэн оролцох болжээ. Гол нөлөөлсөн шалтгаан нь юу байв?
-Урлаг, улс төр хоёр аль аль нь л олон нийтийн ажил учраас тэс ондоо юм биш л дээ. Би чинь урлагийн ч бай, улс төрийн ч бай олон нийтийн ажлуудад багаасаа л их оролцож яваа хүн шүү дээ (инээв). Улс төр, нийгмийн тогтолцоотой холбоотой зүйлсийг хувь хүмүүсийн амьдралаас ангид ойлгох боломжгүй юм. Бид 1990 онд бий болгосон ардчилсан нийгмээсээ ухарч болохгүй. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, чөлөөт үзэл санаа гэдэг бол ардчиллын үнэт зүйл. Манай улсын тусгаар тогтнол үндэсний эрх чөлөө бол ардчилалтай шууд холбоотой. Монгол Улс дэлхийн геополитикийн хамгийн том нөлөөлөгч, эдийн засаг болон батлан хамгаалах салбарын тэргүүлэгч хоёр том гүрний дунд оршдог. Бид гуравхан саяулаа. Аль ч тохиолдолд ардчиллаа нүдний цэцгий мэт хайрлан хамгаалж байх хэрэгтэй.
Нэгэн үе Монгол Улс “Ардчиллын баянбүрд” гэж яригдаж байсан бол өнөөдөр ардчиллын үнэт зүйлсээ бага багаар алдаж байгаа нь харамсалтай байна. Сүүлийн үед хүмүүсийн чөлөөтэй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хумигдаж байна уу даа гэж харж байна. Бизнесийн байгууллагуудын боломжийг төр нь эзэлчихдэг байж болохгүй. Нэг үгээр хэлбэл, ард түмэндээ итгэдэггүй болчихсон гэх юм уу. Чөлөөт өрсөлдөөний эдийн засаг гэж байхгүй гэх үгийг төрийн томчууд ярьсан нь саяхан шүү дээ. Бүх зүйлд төрийн оролцоо ихсэх тусам гажуудал үүсдэг. Бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогын шийдвэрүүдийг л төр гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл одоо төрийн өмчийн компаниуд дотоодын нийт бүтээгдэхүүний маш их хувийг эзэлж байгаа нь төр өөрөө бизнес эрхлэгчдийн өрсөлдөгч болчихоод байна.
Иргэн хүний хувьд ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах ёстой. Хүн бүр ирээдүй хойч үе, үр хүүхдүүддээ сайн сайхан нийгмийг үлдээхийн төлөө улс төрийн оролцоотой байх ёстой. Энэ үүргээ биелүүлж, улс төрийн сонголт хийсэн хэрэг л дээ. Залуу хүний хувьд дан ганц хувийн амьдралаа бодож явахаас илүүтэй өөрт байгаа эрч хүч, нөөц боломжоо улс, эх орныхоо төлөө зориулж, чадлаараа зүтгэх юм сан гэж боддог.
-Та уран бүтээл, хувийн ажлын хажуугаар бизнесийн салбартаа ч амжилттай яваа. Дээрээс нь улс төр, олон нийтийн ажил гээд нэг хүн амжуулахад бэрх санагдана. Энэ бүх ажил, амжилтад таны арыг даадаг хүн гэргий чинь байх гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Аливаа амжилт бүхний ард гэр бүлийн бат бэх суурь, харилцан ойлгох, халуун дулаан дэмжлэг байдаг. Би их азтай хүн. Сайн ханьтай учирч, одоо гурван сайхан хүүхдийн аав, ээж болжээ. Номтой хүмүүс үр хүүхдүүдийнхээ заяа буяныг бас тэгшилдэг байх даа гэж дотроо өвөг дээдэстээ талархан залбирдаг юм. Миний хань МУИС-ийг төгссөн эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй Булган нутгийн бүсгүй бий.
Би ер нь гаргасан шийдвэртээ үнэнч, тууштай зантай. Тиймдээ ч одоог хүртэл аливаа зүйлд ухарч үзээгүй. Миний ард бат зогсох гэр бүл минь байгаа учраас л зориг, зорилго хоёроо нийлүүлж чаддаг. Бүх зүйлд намайг ойлгож дэмждэг ханьтай байх сайхан.
-Сар шинийн босгон дээр цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Хан Хэнтий нутгийн зон олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхний минь амьдрал тэгш сайхан байж, ажил үйлс нь улам дэлгэрч, олз омог нь ундарч явахын ерөөлийг өргөе өө. Ирж буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ төрийн нуруу түвшин байж, түмэн олон минь амгалан болтугай.
***
Д.Балдан бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөсөн юм. Түүний ярилцлагынхаа үеэр “Би аливаа зүйлд ухарч үзээгүй” гэсэн нь санаанд торж үлдсэнийг тэмдэглэж үлдээе. Түүний бусдын төлөө байгаа ганцыгаа өгч чаддаг сэтгэл, бусдын төлөө амласандаа хүртэл зүтгэж чаддаг тууштай занг өөрийн эрхгүй бахархмаар санагдсаныг хэлэх нь зүйтэй биз. Урам зориг бадарсан залуу хүн ийм байх юутай сайхан билээ...