11 сарын 30, 2024

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

Сэтгүүлчийн тэмдэглэл: ӨНДӨР ХААНЫ ОРОЙГООС

Эрхэм уншигч танд дэлгэр хаврын мэнд дэвшүүлье. Цаг наашилжээ. Залуус ч өөр болж. Өнгөрсөн өдрүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн хамт олонтой Хэнтий аймгийн бүх сумдаар явж малчид, иргэдийнхээ яриаг сонслоо.          

Эзэн Чингис хааны өлгий, Их хатдын түүхт нутаг бол ХанХэнтий. Монгол улсын их түүхийн голомт ч гэж хэлж болно. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгаль, өв соёл, түүх уламжлалаа нүдээр харж бахдан явлаа. Монголын Нууц Товчооны үг үсэг бүрээр бодит аялж буй мэт гайхалтай бахархал, омогшил төрдөг юм байна. Баян Адарга сумын иргэн н.Мөнхбаттай ярилцаж суухад “ өвлийн цаг хэцүүхэн байлаа, гэхдээ хичнээн үхэж хорогдсон ч мал бол өсдөг буян юм шүү дээ. Цаг зуд ямар байхаас үл хамааран манай нутгийн ард иргэд эцэг өвгөдөөс сонгон нутаглаж ирсэн энэ сайхан байгаль, уул усаа үргэлж ерөөж дээлэлж явдаг.  Тиймдээ ч манай нутгийнхан сэтгэл нь цатгалан улс” гэж ярьсан юм. Үнэхээр сэтгэл цатгалан улс гэж байдаг байх. Анх танилцаж, анхны ажлын томилолтонд явсан надад энэ нутгийнхан ийм л сэтгэгдэл өгсөн. Хүн тавхан үгэндээ танигддаг даа. Онцолж ярьмаар байгаа хүн маань ч яг ийм. Арав гаруй хоног, сумаас сумын хооронд нэг машинд явахад ер нь ямар ч хүнийг таньж болмоор шиг санагдсан. Түүнийг Дэмбэрэлваанчигийн БАЛДАН гэдэг. Хэнтий аймгийн Мөрөн сумаас төрсөн залуу улс төрч.

Ямар сайхан нүүрний буянтай залуу вэ, харах нь ээ л инээж явах юм. Сайхан ч инээх юм. Гэхдээ хүнийг гадна төрхөөр нь дүгнэнэ гэж юу байхав, уншигч тантай хамт Балдангийн яриа, үзэл бодол, түүний талаарх бусдын үгийг хамт сонсьё.

Ажлын хэсгийнхэн өдөрт 2 суманд уулзалт хийсэн болохоор хугацаа давчуу явлаа. Давчдан яарч явахад юу эс тохиолдох билээ, олон хүнээс янз бүрийн л ааш гарна. Балдангаа ажаад л явлаа. Уужуу юм, аливаад бачимдаад байдаггүй бололтой. Даргын тухай мэдмээр байвал жолоочоос нь асуу гэж сэтгүүлзүйн багш маань хэлдэг байсан л даа. Хүнийг танья гэвэл бусадтай яаж харьцдагаас нь их зүйл мэдэж болдог.  Бидний ажлын хэсэгт Улсын их хурлын гишүүн ч байна, намын бүлгийн зөвлөх залуус ч байна, жолооч, туслахууд ч байна. Хамгийн чухал нь ард иргэд. Ахмад настанд яаж хандаж, аймгийн засаг дарга нартай яаж мэндэлж байгаагаас нь би энэ залууг их хүндэлсэн юм. 

Дэлгэрхаан суманд уулзалт дуусч байлаа. Саарал дээлтэй жижигхэн эмээ нуруугаа бөгтийлгөж духаа саравчлаад л зогсоод байна. Соёлын төвийн танхимд хүмүүс бужигнаад үүд рүү гарах урсгал битүү. Иргэд олноор цугларч байгаагаас харахад энэ хүмүүсийн үгийг сонсох, үгээ хэлэх хэрэгцээ их байгаа нь илт. Энэ шуугиан дотор нэг эргээд харвал жижигхэн эмээ өлмийгөө өргөөд ч хүрэхгүй байна уу гэлтэй Балданг үнэрлэж зогсоно. Хамаатан садан нь юм болов уу гээд очтол үгүй. Өвөл манай суманд цас эрт ороод зуд болох төлөвтэй, би чинь гаднаа хэдэн муу үнээтэй. Тэгсэн энэ хүү ирж манай сумынханд өөрийнхөө компанийн малын эм тарианаас өгөөд явсан юм. Эмээ нь тэгэхэд баярлалаа ч гэж хэлж чадаагүй, олон хүн ирээд, дор бүрнээ аваад л харьсан. Тэрэн шиг тус дэмтэй юм байсангүй шүү. Үхсэн малын араас өвс тэвэрч ирээд ямар босгоод ирэх биш. Өгье гэсэн сэтгэлээр өгвөл юм тусаа өгдөг юм шүү дээ” гэв.

Би ажил эхлэхэд л өөрөөс нь онцлох сэдвүүд асуусан. Тэгэхэд БАЛДАН энийгээ ч хэлээгүй. Эмээгээс л мэдлээ. Өнгөрсөн 11 сард цаг хүндрэх нь гэж учир мэддэг хүмүүс яриад байхад улсын нөөцөө хэрхэн бэлдэж, ямар бодлогоор энэ өвлийн цагаан зудыг хохирол багатай давах вэ гэж төр арга хэмжээ аваагүй байхад энгийн нэг бизнесмэн залуу тэрбум шахуу төгрөгийн эм тариагаа үнэгүй тараачихаад яасан өөрийгөө сурталчилж мэддэггүй юм бэ гэж би толгой сэгсэрлээ. Харин хэргийн эзэн маань “за тэрийг нээх бичээд яахвэ, хүнд тусалчихаад би тусалсан шүү гээд байх муухай” гэж байх юм.

Ийм хүн улс төр хийж чадахгүй ээ гэж би яг тэгэхэд бодсон. Өөрийгөө рекламдаж чадахгүй байж өөр яаж попрох юм. Энэ улс оронд ярьдаг хүнийг л сонгодог болохоос нийтээрээ чамайг ойлгох болоогүй гээд хэлчихлээ. Нэмж юу ч хэлсэнгүй. Цалингаа аваад ажиллаж байгаа байж би арай ч хэтрүүлчихэв үү гээд дотроо бэргэж суутал харин манай хүн юу ч бодсон шинжгүй “Билиг ээ, манай Биндэр суманд Алтангэрэл гэж аймгийн заан, алдарт уяач, улсын мэргэн цолтой миний ёстой сайхан ах хүү бий, тэр Баян-Адарга суманд олон жил хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулж олон ажил хийсэн, өв соёлоо дэлгэрүүлж яваа Мөнхбат ах маань бий, энэ маань ч бий, тэр маань ч бий гээд л яриад байх.  Хүний тухай ярихдаа ямар ч сайхан ярьдаг юм, өмнөөс нь онгирч бахдаад л...”  Өөрийнхөө тухай надад ингэж ярьж өгнө үү дээ гэмээр. Гэхдээ сум бүрт очиход үнэхээр сайхан ах дүү шиг хүмүүс нь тосоод ирэх юм аа. ЭР ХҮН ОЛОНТОЙ ЯВАХ ИЙМ САЙХАН.  Очсон сум бүрт танихгүй хүн гэж алга. Ялангуяа ахмадууд буянтай хүү гэж их хайрлах юм. Дээл өмсөөд хөөрөг зөрүүлж суугааг нь харахаар тохитой буурьтай. Хээтэй хүрэн дээл нь зохино гэж гоё.

Ахмад буурлуудын ам нээх бүртээ БАЛДАНГ хайрлаад байгаагийн учрыг олон хүнээс асуухад нэг л хариу өгдөг. Тэр учир болбоос 1990-ээд оноос монголын уянгын дууны хаан гэгдэж явсан солгой Төмөрхуяг агсанг орон байртай болгож, насных нь бөгсөнд сэтгэл дүүрэн амьдруулсан гавьяа юм билээ. Сүүлийн жилүүддээ тэрээр сархад амсаж ядруухан амьдарч явахад нь төр шагналд тодорхойлохгүй, ард түмний гавьяат гэдэг цолоор сэтгэлээ зогоож явсан үе байв. Дөнгөж сургуулиа төгссөн залуухан хүү нутгийн ахыгаа хайрлаж, хамтарсан тоглолт хийж, орлогоороо байр авч өгнө гэж зоригложээ. Тоглолт ч сайхан болж солгой Төмөрхуягийн дуу хоолойг санасан олон хүний сэтгэлийг баясгаж, алдарт дуучин маань ч амьдралдаа мөрөөдөж явсан тоглолтоо хийж. Төр ч алгаа тэнийж МУГЖ болгов. Харин тоглолтын орлого нь байрны үнэд хүрсэнгүй. Амласандаа хүрдэг эр хүн байх ёстой гэсэн өөрийнхөө үнэнийг гээхгүйн тулд унаж явсан машинаа зарж, ээжээрээ тэтгэврийн зээл авахуулчихаад ахдаа түлхүүрийг нь атгаад очиж байв.

Хорин хэдхэн настай залууд тухайн үедээ амар байгаагүй ч хорвоод нэгэн хүмүүний сэтгэлийг дүүрэн буцаасан гавьяа багадахгүй бизээ.

Бусдын төлөө гэсэн сэтгэл хүнээс хүчилж гардаггүй, дотроос урсаж гардаг гэдгийг энэ залуугийн тухай сонсох бүртээ мэдэрч явна. Аав ээж нь эгэл жирийн малын эмчийн гэр бүл. Улсад 40-өөд жил ажиллаж байгаа монголын жирийн айлын хүү ингэж олондоо хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөх хүртэл олон даваа гүвээг давж ирсэн нь тодорхой.

Түүний өндөр эмэг Удга гэж айхавтар хөгшин байж. Миний хийсэн энэ насны буян хүрвэл хожим би алтан гургалдай болж төрнөө гэсэн юм гэдэг. Нээрээ л тэгээд миний хүү ирсэн гээд ээж нь Балдандаа амь. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэдгээр төрөлхийн авьяас, бурхны өгөгдөлгүй бол хүн хичнээн хүсээд дуулж чадахгүй байх л даа. Гэтэл хоолойн чадлын хажууд сүрхий сийрэг бизнесмэн болох толгойг ч мөн заяажээ. Аав ээжийнхээ жижигхэн малын эмийн санг олон улсаас импорт хийж, монголын 21 аймгийн бүх малчдад хүрч үйлчилдэг мал эмнэлгийн салбартаа толгой цохих эм ханган нийлүүлэх байгууллага болтол өргөжүүлж чадсан байна.

Компанийнхаа тухай дэлгэрэнгүй ярих уу гэхэд эм, эмийн бүтээгдэхүүнийг реклам хийх зохимжгүй байдаг юм. Яагаад гэвэл эм бол хоол биш. Аргагүйд өвчин зовлон болоход л эмчийн заавраар хэрэглэх ёстой бүтээгдэхүүн шүү дээ. Малын эм ч  мөн ялгаагүй. Малын мах эрүүл бол бидний хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж хүн эрүүл байна. Тиймээс малын эмч нарыг хүн төрөлхтөний эмч гэдэг юм. Бизнес бол бизнесийн зарчмаараа л яваг. Тэрийг энд яриад яах вэ, харин би ард иргэдийн амьдралд өнөөдөр тулгамдаад байгаа өөр олон асуудлыг л яримаар байна гэв.

Ингэж хэлэхдээ түүний байгаа байдал, дуу хоолойн өнгө, биеийн хэлэмж тэс ондоо болов. Нөгөө тайван дөлгөөн, яахав дээ яахав гээд сууж байдаг БАЛДАН огт биш байв. Бяр нь орсон бөх шиг зориг амтагдаж, зовлонт нэгний өмнөөс ханцуй шамлан өмөөрөх сэтгэл мэдрэгдэж байна. Хүний мөн чанар гэдэг энэ болов уу. Дүр эсгээгүй, өөрийнхөө байгаагаар, дотор сэтгэлээсээ ярихад хүн ингэж мэдрэгддэг л дээ. Олон хүнтэй уулзаж, олон хүнээс яриа авч явсан сэтгүүлч бидэнд сэтгэлзүйчээс дутахгүй нэг чанар суудаг нь энэ. Тухайн хүнийхээ мөн чанарыг олж зүлгэх. Дэмбэрэлваанчигийн БАЛДАН гэдэг залуу бол энэ юм байна. Өөрийгөө магтаж чаддаггүй, компаниа ч рекламдах дургүй. Авьяастай, толгойтой, сэтгэлтэй. Ийм залуус улс төрд байгаад баярлалаа.

“Улс төрд удаан байсан хүмүүс угжирдаг. Авилга, албан тушаалын хэрэг, ард түмний толгойд ч буухгүй их мөнгөний хулгай луйвар хэрээс хэтэрлээ. Хэзээ ч энэ хүмүүс бие биедээ хариуцлага тооцож чадахгүй юм байна. Монголд үгээ хэлэх, үнэнийг ярих эрх чөлөө улам боогдож байна. Чөлөөт эдийн засгийн өрсөлдөөн гэж байхгүй боллоо. Бид малын гаралтай түүхий эдээ хог дээр хаяж байна, нүүрс зэс газрын баялгаа түүхийгээр нь хамгийн хямдхан зөөж байна. Тэгсэн мөртлөө тэр баялгийг нэг нь нөгөөгөө хулгайллаа гээд бөөн сенсаци болдог. Уг нь тэд нийлээд ард иргэдээсээ хулгайлаад байгаа” гэдгийг энэ залуу тайзандээр хэлсэн. Хүмүүс ам амандаа шуугиад, алга ташаад л. Ингээд хэлчих гэхээр хэвлэлийнхний амыг барьчихсан нийгэм болсон нь үнэн шүү дээ.  Аль ч телевиз, сайт гаргахгүй. Гагц ард түмэндээ улаан нүүрээрээ ирээд ингэж хэлж чадах зоригтой, дараа нь хэлсэндээ байж чадах чинхүү сэтгэлтэй шинэ хүмүүсээр нийгэм цангаж байна.

Балдан бол улс төд цоо шинэ хүн. Харин улс төр түүний хувьд цоо шинэ зүйл биш гэдгийг би 18 сум 5 тосгонд хийсэн энэ олон уулзалтуудын араас сонсож, ажиглаж, дүгнэж суусан хүний хувьд өнөөдөр хэлж чадна. Түүнд нэг тийм чин сэтгэлийн ХАРИЗМ байна. Улс орны асуудлыг томоор харж чадах, томчуудын дүрмээр тоглож чадах, тэгээд мад тавиад хожчихож мэдэх олон нүүдэлт МОРЬ юм байна. Ард түмэн түүний уяач нь юм байна.

Улс орон даяар эрх баригчид нь өөрсдөө хүртэл шударга бус байдалтайгаа тэмцээд дийлэхгүй байна гэдгээ хэлж байна. Энэ нь магадгүй сонгууль дөхсөн үед хэн нь үл мэдэгдэх нэг дайсан гаргаж ирээд, одоо л ард түмэн минь биднийг дэмжээрэй, бид маш их хичээж байна шүү гэж өрөвдүүлэх заль биз. Үнэхээр шийдье өөрчлөе гэсэн бол бүрэн эрхтэй бүхэл бүтэн 8 жил тэдэнд байсан л даа. Харин ганц авууштай нь тэд маш их мөнгө зүгээр л хулгайлагдчихлаа гэдгээ ил хэлсэн. Үүнээс цааш өөр юу хүлээх хэрэгтэй гэж. Одоо зүгээр л бүхнийг зогсоогоод, шинээр эхэлмээр байна гэж иргэн хүнийхээ хувьд бид үзэл бодлоо хэлмээр байдаг ч энэ үгнийхээ төлөө ард түмнээ төлөөлөөд улс төрд зоригтой орох хүн харин цөөхөн байдаг. Аргагүй ч биз. Бид бүгд л дор дороо амьдралтай, ажлаасаа халагдчихвий, бизнесийг минь хахаж хавчих вий, арай гэж төрөөс олж авсан ганц нэг ажлыг минь зогсоочихвий, өмнө хойтохыг минь ухаад хэрэг төвөг болчихвий гээд яг үнэндээ монголын бүх айлын амьдрал ийм айдастай болсон. Ямар сайндаа л ардчилсан намын уулзалтанд төрийн албан хаагч хүн очиж болохгүй байхвэ дээ. Хүн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхтэй ардчилсан нийгэм хаачив.

Энэ бүхнийг нэр төр, ажил амьдарлын замнал цэвэр, шударга хүн л айж ичилгүй, зоригтой хийж чадах байх. Төрд орж хулгай хийхээргүй бизнесээрээ өөрийнхөө амьдарлыг босгочихсон залуус яагаад улс төрд сонирхдоггүйг би гайхдаг. Яасан муухай амиа хичээсэн үйлдэл вэ. Яагаад ирээдүйд үр хүүхдүүддээ шударга сайхан нийгмийг үлдээхэд гар бие, сэтгэл оюунаа зориулах зориггүй байдаг юм, эсвэл ямар нэг төрийн бохир зүйлд хамааралтай байж таарах нь дээ гээд л мэргэжлийн өвчнөөрөө хардаж эхэлдэг.

Гэхдээ ард түмэн тэнэг биш ээ. Хэн нь хэн бэ гэдгийг ялгаж хардаг болсон цаг шүү. Ардаа нам улс төрийн бүлэг фракцын эрх ашгийн төлөө улс төр хийж байна уу, үнэхээр өөрийнхөө мөнчгөрөөр явж байна уу гэдгийг ажигладаг болсон. Төрөөсөө түмэн тэрбумтан л төрүүллээ. Тэд нар шиг улсын мөнгийг хувьдаа хулгайлаад, ах дүү нартаа тендер өгөөд, хахаж баяжаад алга болох хүн үү, улс орныхоо эдийн засгийг зөв гольдролоор явуулах сийрэг ухаан бий юу, хууль тэгш үйлчлэх шударга ёсны талд зоригтой гараад дуугарчих хүн мөн үү, бишүү гэдгийг хэнээр ч заалгахгүй ялгаж салгаж чаддаг болсныг уулзалтанд ирж үгээ хэлж байгаа олон хүнээс харж байна.  Малчин хүн малаа яаж маллахыг Марксизмаар заалгахгүй ээ хө гэдэг шиг хүн өөрийгөө магтсан магтаагүй тавхан үгээр нь таньж чаддаг ухаант ард түмэн юм монголчууд.

Энэ удаагийн Хэнтий аймгийн бүх сумдад хийсэн уулзалтаар иргэд малчдын үгийг ажлын хэсгийнхэн салбар бүртээ дуу хоолойгоо хүргэж, асуудлын гарц шийдлийг хэлж, шахаж шаардах болно гэдгээ хэлж байв. Гэвч эрх бариагүй УИХ-д цөөхөн гишүүнтэй намын хүч хүрэхгүй зүйл олон байдаг.

 “Энэ улс орны хулгай дээрэм их наяд, их наядаар л яригдах юм. Манай улс үнэхээр тийм их мөнгөтэй юм бол яагаад малчдынхаа амьдралд хэрэгтэй ганц үйлдвэр ашиглалтанд оруулчихаж чадахгүй байгаа юм бэ. Малчид зуданд хэдэн малаа барлаа. Зээл нэхэгдээд цөөхөн үлдсэнээрээ төлөөд төв бараадья гэсэн ч мах үнэгүй байна. Арьс нэхий зүгээр хог дээр хаягдаж байна. Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон нүүдлийн мал аж ахуй, малчдаа дэмжсэн ганц ч ажил хийгээгүй болохоор төр засгийнхан иргэдтэй ирж уулзах нүүргүй биз. Бидний үгийг дамжуулаарай” л гэх юм. Хэлгүй, дүлий төрд яаж хэлвэл ойлгохыг сэтгүүлч би даанч мэдэхгүй. Замын надаар үг дайснаас нутгийнхаа хүүд захивал буух эзэн буцах хаягтай биз ээ.  

Хаадыг хаанчилсан хаан эцгүүдийн

Хайрлан онголж тахисан уул минь

Өнөр олноо ивээлдээ багтаасан

Өндөр хаан ууландаа залбирья  /Өндөрхаан уул минь дууны үгээс/ 

Өндөр хааны оройгоос мянган уулын орой харагддаг гэнэм. Тал нутгийн хүн яагаад тайван уужуу байдгийн би сая ойлголоо. Хаанаас нь гарвал хавь ойроо дээрээс нь харж болохыг, яаж амьдарвал мянган уулыг орой шиг нэгнээ түшиж болохыг ухаарчихсан байдаг юм байна.

Монголын минь заяа их гэдэг.  Хаадууд төрдөг энэ сайхан нутгийн шүтээн болсон Өндөр хаан уулын бэлээс сүү өргөөд буцья. Сайхан нутгийн хүмүүс сайхан байдаг гэж үнэн ажээ. Уулзсан бүхэн инээж, учирсан бүхэн ерөөж явлаа.

 

Share: