ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД 98 ХҮНИЙ АМЬ НАС, 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
- byГ. Ганчимэг
- 238
- 2024-08-20
- 10 минут
- 10
Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Хошууч Б.БАТ-ЭРДЭНЭ: Хэнтий аймгийн Онцгой байдлын газар нь 2024 он гарсаар орон нутгийн хэмжээнд гал түймэр, гамшиг, ослын нийт 179 удаагийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, ОБГ-ын харьяа анги салбараас давхардсан тоогоор 466 алба хаагч, 156 техник хэрэгсэл гарч ажиллан 98 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Гал түймэр: Хэнтий аймгийн хэмжээнд 2024 он гарсаар объектын гал түймрийн дуудлага 51 удаа бүртгэгдэж гал түймрийн улмаас 345,3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймэр унтраах анги нь ААНБ, иргэний 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
Үер ус: Дэлгэрхаан сумын “Аварга тосон нуур”, Баян-Овоо сумын “Гүрмийн нуур”, Баян-Адарга сумын Онон гол, Хэрлэн сумын “Хэрлэн” гол зэрэг газруудад 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд эргүүл хяналтыг зохион байгууллаа.
Онцгой комиссын 14 дүгээр хурлын шийдвэрийн дагуу 2024.07.30-аас 2024.08.13-ыг хүртэлх хугацаанд Батширээт, Дадал сумдад 2 бүлгийг томилгоожуулж үүрэг гүйцэтгүүлэн шилэн кабелийн шон тогтоох ажилчдыг зөөвөрлөх, бензин шатахуун татах, голын гарамд хэмжилт хийх, нэн шаардлагатай эм тариа, хоол хүнсний багц хүргэх, өвчтэй болон албан ажилтай нийт 143 иргэнийг Эг, Балж, Барх, Онон голоор зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан.
Цаашид ОБЕГ-ын даргын 2024 оны 01 дүгээр сард баталсан “БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТӨЛӨВЛӨГӨӨТ БОЛОН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ”-ийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны 8 дугаар 20-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнд Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, ясли, Сурагчдын дотуур байранд Боловсролын байгууллагын галын аюулгүй байдлыг шалгах 43 асуулт бүхийн хяналтын хуудсаар шалгаж эрсдэлийн түвшинг тогтооно. Дутагдалтай болон шаардлага хангахгүй байгууллагын зөрчлийг арилгуулах талаар ГТУХАБ-ын албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох болон хууль заасны дагуу хариуцлага оногдуулна.
/Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2024.08.20/