ХАЛУУН БУУРУУЛЖ ӨВДӨЛТ НАМДААХАД АСПИРИНЫГ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИОД 20 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА
- byГ. Ганчимэг
- 244
- 2024-11-22
- 5 минут
- 5
Томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчний хүндрэл, хүндрэлийн нөхцөлд гэрийн нөхцөлд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс юуг анхаарах талаар ХӨСҮТ-с мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-д өнгөрсөн долоо хоногт томуугийн яаралтай тусламжийн тасагт 254 хүн эмчилгээ авчээ. Үүнээс 0-2 насны хүүхэд нийт эмчилгээ авсан хүмүүсийн 50 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 442 эмчлүүлэгч эмнэлгийн тусламж авч байгаагийн 196 нь томуу, томуу төст өвчний улмаас эмчлүүлж байна.
Томуу, томуу төст өвчний үед хүн өндөр халуурдаг. Халуун бууруулах өвдөлт намдаах эмчилгээний парацетамол, ибупрофейн зэрэг өвдөлт намдаах эмийг яг эмчийн зааврын дагуу тунг нь зөв тохируулж өгөх шаардлагатай байна.
Ханиад томууны эсрэг хэрэглэдэг олон найрлагатай эмүүд байгаа. Тэр бүгд дотор парацетамол агуулагдаж байдаг. Гэтэл халуун бууруулах өвчин намдаах зорилгоор нэмэлтээр парацетамол хэрэглэхэд нөгөө олон найрлагатай эм бэлдмэлийн парацетамол дээр нэмэгдээд тун хэтэрдэг. Тав хүртэлх насны хүүхдэд парацетамолын тун хэтэрвэл маш аюултай байдал үүсдэг.
Мөн халуун бууруулж өвдөлт намдаахад аспириныг дэлхий нийт хэрэглэхээ болиод 20 гаруй жил болж байна. Гэтэл манайд аспириний тун хэтрүүлэн хэрэглэх үүнээс болоод элэг тархи бөөрний дутагдалд орох тохиолдол гарч байна. Тиймээс аспирин пирамидоны бэлдмэлүүдийг огт хэрэглэж болохгүй.
Цэр ховхлох эмийг оройн цагаар өгч болохгүй. Унтуулах цагийг угтуулж өгч болохгүй. Зургаан сар хүртэлх хүүхдэд цэр ховхлох эмийг өгөхгүй.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу томуу төст өвчний үед шингэн дутал буюу усгүйжилтэд ордог. Шингэн дутал буюу усгүйжилтэд ордог шалтгаанууд нь халуурах, бөөлжиж суулгах, шингэн ууж чадахгүй болох, хордлого байдаг.
Шингэн дутсан хүүхдүүдэд илрэх шинжүүд:
- Ам уруул хатах хуурайших
- Хэл уруул улаан болох
- Хэл өнгөртөх, хөхлөгүүд улайж тодрох
- Арьс хуурай болох эрээнтэх цонхийж цайна, хөхөрнө, хөхөлбийтнэ
- Эхний үед ам цангадаг бол сүүлдээ ам цангах байдлаа мэдэхээ больдог
- Хүүхэд нулимсгүй болох нь бүр хүндэрч байгаагийн шинж шүү
- Нүдний аяга хонхойх, зулай хонхойх
- Цочромтгой тайван бус болох улмаар унтаарах, идэж ууж чадахгүй болох
Шингэн дутлын үед бага багаар, ойр ойрхон шингэн өгөөрэй. 5-10 минут тутам 5-10 мл-ээр шингэнээр өгөх хэрэгтэй.
АУ-ны доктор, клиникийн профессор, хүүхдийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ш.Энхтөр мэдээллээ.
via: gogo.mn