Хэнтий аймагт 600 хүний суудалтай чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо... Эзэн Чингис Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга 2023 оны 7-р сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар байлцав.
Хан Хэнтий чуулга нь: 600 хүний суудалтай, 9 танхимтай, 78 өрөө тасалгаатай, Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болж байна.
Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг 2011 оноос эхэлсэн бөгөөд Соёлын яам бие даан байгуулагдсанаар театр, музей, чуулгын барилгад онцгой анхаарал хандуулан ажилласан. Интерьер дизайныг цогцоор нь хийх буюу зураг төсөл боловсруулж улмаар нэмэлт ажлыг 2023 онд төсөвт суулгаж иж бүрэн дуусгах ажлыг зохион байгуулсан. Ижил зураг төслөөр баригдаж буй Архангай, Завхан аймгуудын театрын барилгуудад жишиг болохуйц барилга юм.