ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ СПОРТ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН 13.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨВИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ
- byГ. Ганчимэг
- 279
- 2024-06-23
- 10 минут
- 10
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллав. Тэрбээр Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн 179.7 км хатуу хучилттай авто замын төслийг эхлүүллээ.
Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан бөгөөд одоо Бор-Өндөрөөс Хэнтий аймгийн төв Хэрлэн сум хүртэл авто зам тавихаар бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь энэ юм. Уг авто зам ашиглалтад орсноор Дорнод, Хэнтий аймгийн иргэд хөрш орнууд руу Замын-Үүд, Ульхан, Эрээнцав, Хавиргын боомтоор нэвтрэх, эдийн засгаа тэлэх, чухал гарц болно.
Зүүн бүс нутгийн аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих, нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд орлого, бизнесээ тэлэхийн зэрэгцээ бүс нутгийн хөгжлийг хурдасгах, орон нутгийн болон улсын эдийн засгийн хувьд томоохон ач холбогдолтой юм. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн 179.7 км хатуу хучилттай авто замын ажлыг 2 ээлжийн 4 багц болгож, зарим хэсгийнх нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болсныг Ерөнхий сайдад танилцууллаа.
Мөн Ерөнхий сайд өнөөдөр Бор-Өндөр суманд ажиллахдаа Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төвийн төслийг эхлүүлэв. Тус төв нь 700 үзэгчийн суудалтай, нэг давхартаа фитнес, ширээний теннис, биллиард, спорт заал, видео тоглоомын өрөө, кофе шоп, бассейн, хоёр давхартаа амралт, сургалтын өрөө, номын сан, бүжгийн заал, мини кино театртай байх аж. Дараа нь “Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Стратегийн ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтыг хийж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох зорилгоор Бор-Өндөр суманд байрладаг “Монголросцветмет” ТӨҮГ-ыг түшиглэн тус паркыг байгуулахаар болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд Бор-Өндөр суманд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргын хувиар ажиллахдаа иргэдийн эрэмбэлсэн ажлууд болон тулгамдсан хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэхээ илэрхийлж байж. Өнгөрсөн хугацаанд тус суманд түүний хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал Дорноговь аймгийн Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан. Дөчөөд жил засвар хийгээгүй байсан инженерийн шугам сүлжээний их засвар шинэчлэлийг 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Мөн Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төвийн барилгын 13.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулсан байна.